Цагаан сар

Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон сайхан зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр юм. Цагаан сар гэдэг нэр нь монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг хамгийн ариун сайхан, аз жаргалын бэлгэдэл болгон үзсээр ирсэнтэй холбоотой.

Түүхэн баримт, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монголчууд эрт дээр үед цагаан сарыг эдүгээгийнх шиг өвлийн сүүлч, хаврын эхээр биш харин цагаан идээ элбэг намрын сард тэмдэглэдэг байжээ. Энэ уламжлал одоо ч зарим монгол хэлтний дунд, тухайлбал, Халимагт зул сарын баяр гэж ёслол үйлддэг. Харин түүхэн явцдаа монголчууд мал төллөж эхлэн идээний дээж амсах үеэр цагаан сараа ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон билээ.

Уламжлал ёсоор цагаан сарын баярыг тэмдэглэхийн бэлтгэл болгон өвлийн сүүл сарын хорин есний өдөр айл бүр хир тоосоо арилган гэрээ цэвэрлэж бэлтгэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог.

Ингээд битүүний өдөр гэж нэрлэгдэх сарын сүүл буюу гучны өдөр ёслолын зууш болох хонины ууц болон бусад махыг чанаж, уламжлалт хэв загвараар бэлтгэн хийсэн ул боовыг олноор давхарлан тавагт өрж, чихэр жимс, амттанаар ширээгээ чимэглэн, мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарган эр хонины чанасан ууцаа тогтсон дэгийн дагуу цар тавганд тавьдаг юм.

Битүүлгийн ёслолын идээ цай бэлэн болгоод нар шингэх үеэс айл бүр хувь хувьдаа битүү гаргах буюу битүүлэг гэдэг өвөрмөц ёс гүйцэтгэнэ. Ингэхдээ өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгонд мөс, зүүн тотгонд өргөстэй харгана тавиад /гэрт муу юм оруулахгүй гэсэн утгатай/ гэртээ орж шаант чөмөгний мах идэж, ясыг сайн мөлжөөд "Битүү гаргах уу" гэж асуухад гэрт буй бүх хүн "Битүү гаргая, гаргая" гэж хариулна. Ингээд чөмгийг ташиж /нэг л удаа заавал хугалахаар цохин чөмгийн гаргадаг/ "Битүү гарлаа" гэсний дараа хоорондоо насны эрэмбээр “Тавтай битүүлж байна уу” хэмээн мэндэлцгээнэ. Дараа нь өрхийн тэргүүлэгч эсвэл ахмад настан ууц таллан идээний дээж амсан хишиг түгээж, гэрийнхэн бүгдээр хоол цай идэж уун ёслол үйлддэг.

Ууцыг таллахдаа уламжлалт журмын дагуу гүйцэтгэх ба гал голомтын хувийг тусгайлан авч тавина. Ууцаа хөндөж гүйцсэний дараа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч гэрийн эзэн болон түүний удаах хүнд “ууцны тал буюу хишиг” хэмээн хэлж бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган барьж өгнө. Түүнийг нөгөө хүн мөн гараа сунган хүндэтгэлтэйгээр хүлээн авна. Ингээд ууцныхаа хоёр талаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиг хэсэг болгон хийж битүүлэгт оролцож байгаа бүх хүмүүст дамжуулан хүртээж амсуулна.

Ингэж гэр дотроо битүүлж ёсолсны дараа айл саахалтынхан харилцан зочилж, "Сайхан битүүлж байна уу?" хэмээн асуулцаж баяр хөөрөө хуваалцан хуучин оныг мэнд аз хийморьтой үдэж буй энэ ёслолыг тэмдэглэдэг учиртай. Энэ бүхэн нь малынхаа тэр жилийн ашиг шимийн дээжээр зочноо дайлж буй утгатай. Маргааш нь шинийн нэгний өглөө гоё хувцсаа өмсөцгөөн хот айлын хамгийн өндөр настныд цугларан насныхаа эрэмбэ дараагаар амар мэндийн ёсыг гүйцэтгэнэ. Тэгэхдээ хүн бүр малгай өмсөн ариун цагаан хадаг дэлгэн барьж, хоёр гарын алгыг дээш харуулан ахмад настныхаа тохойн дороос түшин “амар сайн уу” хэмээн золгоход ахмад нь “Урт настай, удаан жаргалтай яваарай” гэж бэлэгтэй үг хэриуд нь хэлдэг. Насаар дүү хүн ахмадынхаа тохойг дороос нь барьж золгодог нь хүнд үед түүнийг хэзээд түшиж тулна гэсэн утгатай.

Шинийн Нэгний өглөө эрт, тэр жилийн анхны шинэ цайгаа чанасны дараа эхнэр, нөхөр хоёр хуйхлан чанасан хонины битүү толгойн эрүүг хөндөж заадаг. Заахдаа, эрүүнээс эхнэр нь, толгойноос нөхөр нь татаж: Бүх юм дэлгэрлээ, Битүү юм нээгдлээ, Буур жил гарлаа, Ботгон жил орлоо гэж хэлээд хошуунд нь шар тос түрхээд сүүл шагайг чөмөгтэй нь бурхандаа тавьдаг.

Зууш нь зум, их бүхэл буюу их ёсны ууц, бага бүхэл буюу ерийн ууц гэж гурван янз бий. “Зум” гэдэг нь хонины махыг /гэдсийг нь аван/ бүхлээр нь чанаж үсийг нь зумлаад шар тосоор чимэн их царан дээр тавьдаг.

Ууц гэдэг бол хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлэх бөгөөд ёслолын махыг том цар тавагт тавихдаа амьддаа ямар байдгаар нь эрэмбэлж, урд дор нь өвчүү, хүзүү, сээр, хоёр хааг нь, хойд дор нь хоёр гуя, шаантыг нь урагш харуулан мөчнүүдийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бүтээдэг.

Их ёсны ууц гэдэг нь өмнө дурдсан дээр толгой, шийрийг хуйхлан чанаж тавьсныг хэлнэ. Тэгэхдээ битүү толгой чихний уг болон эврийн угийг өрөм буюу шар тосоор чимэн толгойг хошуу, шийрийг шилбэ талаар нь ууцны харцага тал руу харуулан зүүн гарт нь толгой, баруун гарт нь шийрийг тавьдаг. Ингээд ууцны толгой талыг гэрийн хоймор зүг хандуулан тавих бөгөөд зочин хүнд мөн энэ талаар нь хандуулан өгнө. Их ёсны болон ерийн ууцыг цагаан сар, шинэ гэрийн болон насны ойн найранд тавьдаг.

Ууц таллахад эхлээд зүүн гараараа харцаганаас цэмцгэрхэн түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчимд голд нь нэг, дараа нь олон яс уулзах хавиас эхлэн өөрийн зүг харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав, гурав эсгэнэ. Дараа нь сүүлийн бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж аваад харцага талын ирмэгний мах, өөхний нийлэх орчмын хоёр талаас бяцхан хоёр хэсгийг халимлан авч толгой, сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн “гал голомтын хувь” гэж тусгай тавина.

Ууцаа хөндөж гүйцээд, таллахдаа ууцны хоёр талаас ээлжлэн таллаж, өөрийн хувь болгон амсана. Дараа нь түрүүчийн адил ууцныхаа хоёр талаас нижгээд таллан авч, гэрийн эзэн болон түүний удаах хүнд “ууцны тал буюу хишиг” хэмээн хэлж, бүтэн бүтнээр нь хоёр гараараа сунган барьж өгнө. Ингээд ууцныхаа хоёр талаас ээлжлэн адил тоотой таллаж аваад жижиглэж бүх хүмүүст амсуулна. Харин ууц таллахдаа харцаганы хоёр хажуугийн сэртэн яснаас дотогш ортол таллахыг цээрлэнэ.

Махны эх тал нь аль буй хэмээвээс: Толгой, хошуу тал нь эх болж толгойг эхлээд хамар дээрээс нь бяцхан хуйх авч өргөөд дараа нь хоёр чих, завьжийг нь хөнддөг. Хүзүүний-аман хүзүү тал нь, Сээрний хар сээр нь, Ууцны сүвэрдгэн тал нь, Өвчүүний-бүдэрхий нь, Далны толгой нь, Хавирганы бураа нь, Бугалганы нарийн атгамал үзүүр нь, Богтосны нарийн үзүүр нь, Шаантны боривтой тал нь, Дунд чөмөгний нарийн үзүүр нь, Сүүжний-далбаа нь эх болдог аж.

Их бүхэл. Их бүхэл буюу их ёсны ууц тавихад сүүлтэй ууц, өвчүү толгой, дөрвөн мөч, өндөр, богино хавирга, сээр, хүзүү, багтана. Том сайхан царан дээр амьд хонины хэвтээ байдлаар дөрвөн мөчийг байрлуулж гол дунд нь сээр, хүзүүг тавина. Толгойн эвэр, магнайг шар тосоор чиж ууцны дээр тавина.

Дунд бүхэл. Дунд бүхэл гэдэг бол их бүхлээс толгой шийргүйгээр ялгаатай, бусдаар адил.

Бага бүхэл. Дал, дөрвөн өндөр, богино хавирга, хонтой шаант, өвчүү сээр, хүзүү зэрэг зүйл багтана. Бага бүхэлд сүүлтэй ууц, толгой тавихгүй.

Ууц шүүсийг хөндөх ёс. Их бүхлийг хөндөх ёсонд эхлээд толгойны хамар дээрээс хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, завьжийг хөндөнө.

Хадагийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн ангилдаг ба өөр өөрийн онцлогоор хэрэглэх зарчимтай. Хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барина.

Нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадагийг оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадагийг барихдаа хүн рүүгээ хадагнийхаа амыг хандуулан, мэхийх юм уу сөгдөж барина.

Хадаг барихад хэлэх үгс: Цаглашгүй урт наст ариун хадаг, Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн, Дэлэгрэнгүй урт наст ариун цагаан хадаг, Идээний дээж элгэн цагаан тараг, Эдийн дээд ариун цагаан хадаг гэх мэт үг хэлнэ.

Хадаг барьж золгох ёс. Хадаг авч буй хүн хадагаа хавсарган хураагаад эсвэл авсан хэвээрээ золгож болно. Хадаг тавьж өгч буй хүн хадагаараа нөгөө хүнийхээ бүх хурууг нь бүтээхгүй, эрхий хуруунд нь тулган, алганд нь багтааж тавина. Энэ үед мэнд мэдэж болохгүй. Хадагаа тавьчихаад золгохдоо мэнд мэднэ.

Хадагтай золгох ёс. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээр баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод, чигчий хуруутай тал руу доош унжуулна. Золгох үедээ унжиж буй хадагаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Дүү хүн нь ах хүндээ хадагаа бүр мөсөн өгч золгодол бол хадагтай золгох ёсонд хадагаа ямар ч насны хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг.

Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн тань өврөөсөө юм уу, хажуунаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралгүй энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой.

Хөөрөг харшуулах нь, тэр тусмаа шинийн нэгэнд харшуулан тамхилах нь эв эе эвдрэлцэж, тангараг тасарсны дохио тэмдэг аж. Баруун гарын дөрвөн хурууны үзүүр хэсэгт хөөргөө тавьж хүндэтгэл үзүүлж буй хүндээ барих ёстой. Хөөргийг эрхий, долоовор, дунд хурууг оролцуулан бариваас эртний монгол ёсонд нийцнэ. Барихдаа хөөрөгний толгойд долоовор хуруугаа тааруулна. Эл барилтыг монголчууд “төрийн гурван тулгуур” хэмээн үздэг. Хөөрөгний толгойг хаан, баруун хэсгийг хатан, зүүн хэсгийг цэрэг зэвсэг хэмээн үзнэ. Тиймээс тухайн хүний мэндчилгээг төрийн хэмжээнд хүлээн авч буйн илрэл нь энэ болдог ажгуу. Мөн хамрын тамхийг чимхэн авч татах нь монгол бус төвдөөс гаралтай ёс юм.

Хөөрөг зөрүүлэх ёсон. Хуучин цагт ихэс дээдэс болон том лам нар их, бага гарын хоёр хөөрөгтэй явж, их гарын хөөргөөрөө дээдэстэй солилцдог байжээ. Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл юм. Эвдрэлцсэн хүмүүс энэ өдөр хөөргөө зөрүүлж сэтгэлээ цайлгах заншилтай байжээ.

Хөөрөг гаргаж өгөхдөө толгойг нь суллана. Хөөрөг аваад толгой дээр нь дарж болохгүй. Хөөрөгний толгойг хөндийрүүлэх, хөндийрүүлэхгүй, хөндийгөөр үнэрлэх нь тус тус учир утгатай. Ерийн тамхилахад хөөрөгний толгойг заавал хөндийрүүлж өгөлцөнө. Дээр үед хороогдох ялд унасан хүнд, эцсийн ёс гүйцэтгэх үед нь тамхилахдаа хөөрөгний толгойг хөндийрүүлэхгүй тамхилдаг байсан учир цээрлэдэг. Толгойг нь сугалахгүйгээр үнэрлээд өгөх нь “Би уй гашуутай яваа хүн”, өөрөөр хэлбэл “Бурхан болоочийнхоо хоногийг хураагаагүй яваа хүн” гэсэн санааг илэрхийлдэг байна.