Аз жаргалтай бяцхан ургийн өдрийн тэмдэглэл
Эх хүний үрдээ өгөх анхны бөгөөд хамгийн сайхан бэлэг бол түүнийг хэвлийд байхад нь хүмүүжүүлэх явдал юм
Би энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүүхэд, өө нээрээ хүүхэд болох болоогүй юм байна. Харин би энэ хорвоогийн хамгийн аз жаргалтай ураг гэж хэлбэл илүү оновчтой санагдлаа. Гэхдээ би гурван сарын дараа хүүхэд болно л доо. Нээрээ, анх ээж хүүхэдтэй болсноо мэдээд их баярласан шүү. Би диваажингийн оронд зөндөө удаан амьдарсан. Тэнд уг нь их хөгжилтэй. Надтай адилхан зөндөө олон хүүхэд байдаг юм. Бид хамтдаа хөгжилтэй байдаг боловч диваажинд бидэнд аав, ээж байдаггүй. Тийм болохоор л хүүхдүүд бүгдээрээ дэлхийд хурдан ирж, аав ээжтэйгээ уулзахыг хүсдэг.
Гэхдээ бид ээлж ээлжээрээ явах ёстой л доо. Бурхан биднийг хэн нь хэзээ явахыг шийддэг. Бурхан хүүхэд болгоныг хайрлаж хэнийг нь ч гомдоохыг хүсдэггүй боловч заримдаа түүний илгээсэн хүүхэд тун удалгүй уйлсаар буцаад ирдэг. Учир нь очихыг хүссэн аав, ээж нь өөрийг нь хүсдэггүй гэсэн. Тэгээд тэр дахиад л зөндөө удаан хүлээх хэрэг болдог. Би тэднийг их өрөвддөг. Тэд ч гэсэн миний адил аав, ээжтэй болохыг зөндөө хүссэн байтал яагаад аав ээж нь тэднийг ирэхэд дургүй байдгийг ердөө ойлгодоггүй.
Миний ээлж болох үед би ямар их айж байсан гэж санана. Тэд бас намайг тоохгүй голох вий дээ гэж бодоод. Тэгээд нэг өдөр би ээж аав дээрээ ирсэн. Ээж намайг ирчихээд байхад мэдэхгүй их удсан. Лав л хоёр сар болсон байх. Нэг өдөр ээж намайг цагаан хувцастай эмчид үзүүлсэн. Энэ үед би бас айсан. Учир нь буцаад ирсэн хүүхдүүд ярихдаа тэднийг яг л ийм цагаан хувцастай хүнд үзүүлэхэд маш их өвтгөдөг. Тэгээд буцаад л явуулчихдаг гэж байсан учраас миний зүрх түг түг цохилж байсан. Тэр эмч ээжийн гэдсэн дээр нэг зүйлээр гүйлгэж үзээд тэгээд миний байгаа газрыг олчихсон. Тэгээд үүнийг хар даа чиний гэдсэн дотор бяцхан хүүхэд байна. Одоо 8 долоо хоног болж байна гэж хэлэхэд ээж зөндөө баярласан. Тэгээд дараа нь аавд хэлсэн юм. Аав ч гэсэн их баярласан.
Ийм учраас би хамгийн азтай хүүхэд. Өдөр болгон ээж минь намайг улам ихээр хайрлаж байгааг мэдрэхэд үнэхээр сайхан байдаг. Бас аав минь орой үлгэр уншиж өгч, ээжийн гэдэсний цаанаас намайг дандаа үнсдэг. Ээж ааваас “Чи ямар хүүхэд байгаасай гэж хүсч байна” гэж асуухад миний аав, хонгор минь! Хүү, охин аль ч бай хамаагүй л хүүхэддээ их хайртай гэж хэлээд ээжийг үнсдэг юм. Ээж энэ үед үнэхээр их аз жаргалтай болж намайг зөөлхөн илдэг. Би ээжийнхээ хэвлий дотор үнэхээр амар тайван, аз жаргалтай амьдардаг. Би хүссэн үедээ унтаж, хүссэн үедээ сэрдэг. Ээж намайг байнга амин дэмтэй тэжээллэг хоолоор хооллодог юм. Би заримдаа сахилгагүйтмээр санагдаад гэдсэн дотроо хүчтэй хөдлөх үед тэд их баярладаг. Би баярлахаар нь улам онгироод бүр чанга хэд хэдэн удаа жийдэг юм. Гэхдээ хөлөө хүчтэй тийрээд ээжийгээ өвтгөчихвий гэж санаа зовдог. Гэхдээ ээж намайг өвтгөсөн гэж уурлаагүй ээ!
Харин ч бүр найзууддаа, бас бусад хүнд “Миний хүүхэд хөдлөж байна” гээд их баяртайгаар хэлдэг. Ээжийн найзууд миний хөдлөж байгааг үзэх гээд ээжийн гэдсэн дээр дарахаар нь би хөдлөхөө больчихдог. Зүгээр л яагаад ч юм тэдэнд хөдөлж байгаагаа мэдэгдмээргүй санагдаад байдаг юм. Миний аав их сайн хүн шүү. Ээжийг минь халамжилж, байнга аз жаргалтай байлгахыг хичээдэг. Бас ээж бид хоёрыг ээжийн ажлаас нь очиж авдаг, амралтын өдрүүдээр хөдөө явж, цэвэр агаарт гаргадаг. Ингэх нь миний эрүүл мэнд, өсөлт бойжилтод их сайнаар нөлөөлнө гэж үздэг юм билээ. Би өдөр ирэх тусам томорч байгаа учраас ээж намайг авч явахад хэцүү байдаг гэсэн. Тийм болохоор хөл нь, бас нуруу нь өвдөөд байдаг юм. Харин аав ээжийн нурууг илж, хөлийг нь барьж өгдөг болохоор над ч бас сайхан байдаг. Ээжийн гэдсэнд дулаахан бас тохьтой. Тэгэхдээ би удахгүй эндээс гарна л даа. Гараад сайхан байна гэдэгт итгэлтэй байна. Учир нь би үнэхээр сайн аав ээжтэй. Бас хорвоотой танилцана гэхээс тэсч ядаж байна. Хорвоо дэлхий үнэхээр сайхан газар байдаг гэж диваажинд байхад хүүхдүүд ярьдаг. Би удахгүй энэ сайхан хорвоотой танилцана. За, одоо би унтлаа. Жижигхэн ураг хурдан хүүхэд болохын тулд сайн унтаж амрах хэрэгтэй биз дээ. Баяртай.